XIX зууны дунд үеэс буриад монголчуудын оюун санааны цэцэглэлтийн үе эхэлсэн
бөгөөд XX зууны үе болоход улам эрч хүчээ авч олон эрдэмтэд төрөн гарчээ.
Эдгээр эрдэмтдийн дотроос монголчуудын бичиг соёлын хүрээнд томоохон байр
эзэлсэн хүн бол Агваандорж (1854-1937) билээ.
“Агваанлхарамба”, “Бандид хамбо”, “Цаншав Дорж”, “Цаншав
Агваандоржиев” гэх зэрэг нэрээр алдаршсан Агваандорж Буриадын Хорийн
талын Хар шивэрт гэдэг газар мэндэлж 14 настайдаа Их хүрээнд залран ном
сурсан хийгээд 18 настайдаа 1876 онд Төвдөд очиж Бэрээвэн хийд, Гомон
дацанд чойрын сургууль үйлдэн, 1888 онд лхарамбын дамжаа барьж,
Буддын номд гүн нэвтэрсэн тэрээр 1889 онд XIII Далай ламын цаншав лам
болж арваад жил шадар бараа болсны хувьд Төвдийн засгийн газар, хаант
Оросын хооронд зуучилж байсан байна.
Тэрээр Орост Далай ламын засгийн
газрыг төлөөлж байсан бөгөөд Төв Азийн улс түмнүүд болон Хятад, Англи,
Оросын ард түмнүүдийн харилцаанд их үүрэг гүйцэтгэсэн юм. “Цаншав”
гэдэг нь Буддын гүн ухаанд суралцахад туслагч нөхөр гэсэн утгатай ажээ.
Агваанлхаарамба Буриадын Бурхан шашны тэргүүн байлаа. Төвд, монгол
хэлээр гүн ухаан, яруу найраг, хэл шинжлэлийн хэд хэдэн зохиол туурвисны
дотор гол бүтээл нь болох “Бодьсадын явдалд орохуй хэмээхийн тайлбар
хувь заяа сайнт” хийгээд 1921 онд “Дэлхийг эргэж бядсан домог сонирхлын
бичиг төдий хэмээх” нэртэй өөрийн намтрыг монгол, төвд хэлээр шүлэглэн
айлдсан нь ихээхэн алдаршсан болой /Чулуунбаатар.Л, 2002, 170 дахь тал/.
53 насандаа 1905 оны намар Санкт-Петербург хотноо монгол, тод үсгээс эх
авч буриад болон бусад монгол хэл аялгуу, түүнчлэн орос хэлний
хэрэглэгдэхүүнийг тэмдэглэж болохуйц нэгэн зүйл монгол үсэг зохиосон нь
“Вагиндрагийн үсэг” хэмээн олонд алдаршжээ. Вагиндрагийн үсэг хэмээсний
учир бол зохиогч энэ бүтээлдээ өөрийн төвд нэр Агваан гэдэг үгийг санскритээр
орчуулан вагиндра хэмээн тэмдэглэсэн нь явсаар “Вагиндрагийн үсэг” болжээ.
Б.Ринчин доктор энэ үсгийн талаар:
“Амин харилцаа, гар бичмэл, тэмдэглэл зэрэг зүйлд хэрэглэж, тэдний
соёлын хэрэгцээг залгуулж байсан боловч хэвлэсэн зохиол төдий л олонгүй,
ерөөс утга зохиолын уламжлалгүй орчинд бага сага хэрэглээд цаашдаа
хөгжих нөхцөл эс бүрджээ” гэж тэмдэглэсэн байдаг /Ренчин.Б, 1962, 160
дахь тал/.
Энэхүү бичгийн онцлог гэвэл монгол, тод үсгийн
адил үгийн эхэн, дунд, адагт дүрс хувирдаггүй бөгөөд
өрнө дахины бичгийн тогтолцооны нөлөө орсон байдаг.
Вагиндра үсэгт нэг авиалбарт нэг үсэг оноож буриад
болоод монгол хэл аялгуу, мөн орос хэлний онцлогийг
тус тус үсэглэвээр ялгаж үзүүлсэн байна. Бичих
тогтолцооны хувьд монгол, тод бичиг шиг дээрээсээ
доош бичих бөгөөд угалз мэт зурлага, дөрвөлжин гэдэс,
нэмэлт олон тэмдэг зэрэг нь монгол бичиг шиг түргэн
бичих боломжийг эс бүрдүүлжээ.
Энэ бичгийг хэрэглэж ирсэн хүрээ төдий л өргөн
бус. 1905-1907 онуудад Санкт-Петербург хотноо чулуун
барын арга хийгээд тусгай хэвлэлийн үсгээр нилээд
хэдэн товхимол Вагиндрагийн үсгээр хэвлэн гаргажээ. Мөн 1908 онд Вагиндрагийн
үсгээр “Зүрхэн тольт”-ыг зохион чулуун бараар Санкт-Петербургт хэвлүүлсэн
байна. Энэхүү хэлзүйн бичгийг бүхэлд нь аваад үзвэл эртний Энэтхэг, Төвд
хэлзүйн бичгээс улбаалсан монгол бичгийн уламжлалт зүрхэн тольтууд болон
орос зэрэг өрнөдийн хэлзүйн нөлөө аль аль нь туссан монголын урьд үеийн хэл
зүйчдийн зохиосон бүтээлээс нилээд өвөрмөц ном болсон байна. Дээр дурьдсан
намтарт өгүүлсэнээр Агваан лхаарамба “Наран” хэмээх хэвлэлийн газар
байгуулсан бөгөөд түүнийгээ “Монгол буриад ном бичиг гарах орон” гэж нэрлэсэн
байдаг. Чулуун бараар ном хэвлүүлэхээс гадна вагиндрагийн үсэгт сайтар
суралцагсдаар зарим номыг хуулуулан бичүүлдэг байв. Насан залуугаасаа харь
холын олон газраар явж юм үзэж нүд тайлсан Агваандорж харь холын олон
газраар явж юм үзэж нүд тайлсан Агваандорж шинэ үсэг бичиг болон зүрхэн тольт
зохиосон явдал нь дорнын буюу Панины хэл шинжлэлийн онолыг өрнийн хэл
шинжлэлийн онолтой хослон хэрэглэснээрээ урьд үеийн бичиг үсэг зохиосон
мэргэдээс хол давж гарсан хэрэг байв. Үүгээрээ монгол бичгийн хөгжлийн түүхэнд
чухал үүрэг гүйцэтгэж, нийт буриад хэл аялгууны утга зохиолын хэл бий болгох
гэснээрээ шинжлэх ухааны чухал үнэ цэнэтэй юм.
No comments:
Post a Comment