Номын сангийн удирдлага гэдэг нь өөрчлөгдөн шинэчлэгдэж буй гадаад орчинтой
уялдуулан номын санг хөгжүүлэх, ажлын эрч хүчийг нэмэгдүүлэх, бүх салбарын ажлыг
боловсронгуй болгоход чиглэгдсэн үйл ажиллагаа мөн.
Номын сангийн ажлын удирдлага нь тодорхой ажлын үр дүнд амжилттай хүрэхийн
тулд бусад хүмүүс, өөрөөр хэлбэл, тодорхой субьект ба хэсэг бүлэг хамт олныг татан
оролцуулах удирдлагын үйл ажиллагаагаар тодорхойлогдно.
Номын сангийн үүрэг, зорилгыг гүйцэтгэхэд номын санчдын дадлага, туршлага,
мэргэжлийн ур чадварт тулгуурлан тэдний хүчийг нэгтгэн зохион байгуулж зохицуулдаг
онол практикийн үйл ажиллагааг удирдлага гүйцэтгэнэ.
Номын сангийн удирдлагын тухай ойлголтонд удирдаж, удирдуулж буй аль альталын
хүчин зүйл харилцан зайлшгүй холбоонд байх үйл ажиллагааны явц орно. Өөрөөр хэлбэл,
удирдуулах системийн удирдлагын обьект, удирдаж буй системийн удирдлагын субьект
нар нь харилцан үйл ажиллагааг явуулсны үндсэн дээр удирдлагын механизм үүснэ.
Удирдлагын объектод –номын сан, тэдгээрийн дотоод бүтэц, тасаг, салбар, номын сангийн
ажилтан, номын сан-номзүйн мэдээллийн сан хөмрөг, эдийн засгийн нөөц баялаг зэрэг
орно.
Удирдлагын субьектэд-аль нэг обьектийг удирдахаар томилогдсон олон янзын түвшин,
чиглэл бүхий үүрэгтэй удирдагч бие хүн болон удирдлагын хамтын байгууллага зэрэг
орно. Эдгээр обьект, субьектийн харилцан холбоо нь үйл ажиллагааны зорилго, чиглэл,
үүрэг, ажлын бүтэц, аргазүй, боловсон хүчин зэрэг зайлшгүй хүчин зүйлүүдийг багтаасан
удирдлагын системээр дамжин хэрэгждэг.
Нийгмийн доторхи зайлшгүй хэм хэмжээ, бодит хуулийг ухамсарлан хэрэглэх хэлбэр
нь практикт удирдлагын зарчим болдог. Ийм зарчимд:
Шинжлэх ухаанч, системч зарчмууд голлодог ба бусад хэд хэдэн зарчмыг ч нэгэн
адил хэрэглэж болно.
Номын сангийн шинжлэх ухаанч зарчим нь номын сан-номзүйн баялагийн онцлог,
хэрэглэгчдийн хэрэгцээг тусгасан шинжлэх ухааны арга зүйн үндсэн дээр удирдлагын үйл
ажиллагааг явуулахад оршино.
Системч зарчим нь номын сан бүр эцсийн зорилгоо бүрэн гүйцэтгэж, зайлшгүй оршин
тогтноход ерөнхий чиглэл болдог бөгөөд энэ нь номын сангийн нэгж, салбар бүрийн
тусгай элементүүдийн бие даасан байдал хийгээд тэдгээрийн үйл ажиллагааг өөр хооронд
нь хослуулан зохицуулах гэх мэт номын санд явагдах бүхий л процессыг нэгдсэн
тогтолцоонд авч үзэх явдал юм.
Удирдлагын субьектийн үйл ажиллагааны амжилт нь удирдлагын обьектийн онцлогоос
шалтгаалан удирдлагын үйл явцад харилцан нөлөөлөл үзүүлдэг номын сангийн бодит үйл
ажиллагааны зохистой болон зөрчилтэй байдалтай ямагт холбогдож байдаг. Номын
сангийн төвлөрүүлэлтийн ба төвлөрүүлэлтийн бус үйл ажиллагааны зохистой харилцаа
нь-номын санчдын санаачлага, доод шатны удирдлагын бүрэн эрх, үүрэг гэх мэт ерөнхий
асуудлыг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, төвлөрүүлэлтийн хуучин зарчим нь зохион
байгуулалтын бус, үзэл суртлын зарчимд тулгуурлагдаж байсан тул номын сан бүрийн бие
даасан үйл ажиллагаа, номын санчдын шинийг санаачлах идэвхтэй үйл ажиллагааг
илрүүлэн дэмжих асуудалд доголдол гарч байсан юм. Тийм учраас төвлөрүүлэлтийн
системийн фондын үр ашигтай ашиглалт, ажлын сахилга журам, номын сан хоорондын
зохицуулалтыг төвлөрүүлэлтийн бус зарчмын давуу талтай хослуулан номын сангийн
онцлог бүрт тохируулан орчин үеийн менежментийн үүднээс хандах асуудал чухал юм.
Зохион байгуулалтын зарчимд- нэг удирдлагын /удирдагч ганцаараа шийдвэр гаргах/
хамтран шийдвэрлэх /хэсэг бүлгээрээ шийдвэр гаргах/, төлөөлөн удирдагчийн бүрэн
эрхийн /удирдагч удирдлагын шийдвэр гаргах эрхийг түр шилжүүлэх/, удирдлагын
системийн оновчтой байдал /номын сангийн үйл ажиллагааг хэмнэлттэй аргаар явуулах
үүрэг/ зэрэг зарчмууд орно.
Орчин үед удирдлагын тухай ярихдаа голлон нийгэм буюу хүмүүсийн талд илүү
анхаарч, өөрөөр хэлбэл, хүмүүсийн хамтын үйл ажиллагааны үр дүнг боловсронгуй
болгоход удирдлагаар хангах асуудал түлхүү хөндөгдөж байна. Удирдлагын зарчим нь
ажлын талбарт хамтран ажиллаж буй ажилтан, ажилчдыг сонсож хүлээж авах удирдлагын
арга, ажлын үр дүнд амжилттай хүрэхийн тулд ажилтан бүрийг зайлшгүй татан
оролцуулах, хуваарилахад ерөнхийлөн /төвийг сахих/ хандах зарчим, хүмүүст итгэл,
үнэмшил төрүүлж, үнэнч шударга, соёлтой харьцах удирдлагын харилцаанд
тулгуурлагдана.
Удирдлагын нэг томоохон үүрэг нь зорилгоо тодорхойлж, түүнд хүрэхийн тулд номын
санг нэг бүхэллэг систем болгон бүх талаар өөрчлөн хөгжүүлэх явдал мөн. Зорилгыг
тодорхойлох үүрэг нь “ямар номын сан” гэдгийг тогтоохоос эхлэх бөгөөд тэр нь тухайн
номын сангийн мөн чанарыг илэрхийлдэг. Уг тодорхойлолтонд номын сангийн түвшинг
нарийвчлан тусгах, ажлын зарчмыг тогтоож өгөх, удирдлагын бодит зорилгыг
танилцуулах, эцэст нь тухайн номын сангийн гол мөн чанар, эрхэм зорилгыг тодорхойлох
зэрэг асуудлууд орно.
Эдгээрээс хамгийн эхний ээлжинд уншигч, хэрэглэгчдийн хэрэгцээ сонирхол, эрх
ашгийг авч үзэх бөгөөд энэ нь орчин үед төдийгүй номын сангийн хэтийн хөгжлийн үйл
ажиллагаанд чухал байр эзэлдэг. Номын сан нь номын сангийн зорилтыг хэрэгжүүлэх
явцад хариуцлага бүхий удирдлагаар товч тодорхойлогдно. Номын сан нь нэг бус харин
хэд хэдэн зорилгыг тодорхойлдог бөгөөд энэ нь номын хөгжилд чухал хүчин зүйл болдог.
Зорилго нь – ажлын байрны товч тодорхойлолтын үндсэн дээр үйл ажиллагааг
гүйцэтгэхэд зориулагдсан боломж бүхий удирдлагыг бий болгоно.
Удирдлагын зорилго нь – номын сангийн хөгжлийн хэтийн төлвийн чанар, үр дүн,
агуулгын мөн чанарыг харуулсан нийлбэр ойлголт бөгөөд түүний үндсэн дээр амжилтанд
хүрэх олон аргууд /удирдлагын арга/ бий болдог. Зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт
хийх, боловсон хүчнийг шилж сонгох асуудал нь шийдвэрлэвэл зохих ажилд амжилт олох
гол аргын нэг мөн.
Удирдлагын зорилго нь удирдлагын цаг хугацаа , утга агуулгаар ялгагдна. Өөрөөр
хэлбэл, тухайн удирдлагын обьектоос утга агуулгаар ялгагдахдаа боловсон хүчин,
технологи, эдийн засгийн нөөц баялаг гэх мэтээс хамаарна. Цаг хугацааны хувьд зорилго
нь урт буюу богино хугацаанд хэрэгжинэ.
Иймд удирдлагын зорилгын үндсэн мөн чанар, бүтэц нь цаг хугацааны тодорхой
багтаамжинд чиглэгдсэн, товч тодорхой хэмжигдэхүүн бүхий үзүүлэлттэй бусад зорилго
ба нөөц баялагтай нийцсэн, тодорхой хяналт, хаягтай зүйлийг хэлнэ.
Удирдлагын зорилго нь номын сангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд байнга
холбогдож, удирдлагын зохицуулалтын үйлдлийг үзүүлдэг.
Номын сангийн удирдлагын бүтэц
Номын сангийн удирдлагын бүтэц гэдэг нь номын санг нэгдсэн нэг зорилгоор өөрчлөн
хөгжүүлэхэд чухал хүчин зүйл болж байдаг өөр хоорондоо салшгүй холбоотой, байнгын
харилцаанд байдаг элементүүдийн эмх цэгцтэй нийлбэр юм. Бүтцийн ийм элементэд
удирдлагын аппаратын тусгай удирдагчид, алба, бусад салбар хэсгийг оруулна.
Удирдлагын бүтэц нь удирдлагын хэлбэрийг бий болгодог. Удирдлагын бүтцэд
удирдлагын үйл явц явагдах бөгөөд номын сангийн үйл ажиллагаанд оролцож буй
хүмүүсийн үүрэг хариуцлагыг мөн хуваарилж байдаг. Үүнээс үүдээд хөдөлмөр зохион
байгуулалтын хуваарилалт ба удирдлагын үйл ажиллагааны хоршилт, тэдгээрийг
зохицуулах, хяналт тавих ажил уялдан гардаг. Зарчмын хувьд удирдлагын бүтэц нь бүх
номын санд ижил төстэй боловч өөр өөрийн онцлогтой. Эдгээрийн хооронд мэдээллийн ,
удирдлагын, хөдөлмөрийн, санхүүгийн, технологийн гэх мэт харицлан холбоо тогтдог ба
энэ нь шаталсан болон зохицох бүтцэд хуваагдсан үйл ажиллагааны харилцан
холбоогоор илэрхийлэгддэг.
Шаталсан бүтцийн онолыг ХХ зууны эхээр боловсруулсан бөгөөд хэлтэс, тасаг, секц,
ажилтны хоорондох холбоог нарийн тогтоож өгсөн байдаг. Шаталсан зохион
байгуулалтын бүтцийг орчин үед “хүнд суртлын” бүтэц гэж үздэг боловч сул талаас гадна
олон давуу талтайг зарим эрдэмтэд судалж тогтоосон байна. Геманы эрдэмтэн Макс Вебер
хүнд суртлын гэгдэн энэ бүтцийн үр ашигтай талыг судалж гаргасныг олон эрдэмтэд
хүлээн зөвшөөрдөг. Хүнд суртлын буюу шаталсан удирдлагын бүтцийн давуу тал нь:
- Хөдөлмөрийн хуваарилалт маш нарийн хийгддэг, тухайн салбарт мэргэжлийн хүмүүс
ажилладаг.
- Шатлал сайн хөгжсөн, өөрөөр хэлбэл, шат дараалсан зохицуулалт бүхий нэгж бүр өөр
өөрийн ажил үүргийн хуваарийг сайн мэддэг, алдаа гаргах боломж бага.,
- Дүрэм, журам, стандартыг мөрдлөг болгох боломж нь ажлын нягтралыг сайжруулдаг.,
- Боловсон хүчний шилэлт, сонголт нь ажлын байранд тохирч байх зарчим нь ажил
хэрэгч, нийгмийн ач холбогдолтой.,
- Ажлын сахилга, дэг журам, тооцох үр дүн сайтай гэх мэт ач холбогдолтой.
Харин шаталсан удирдлагын зохион байгуулалт нь гадаад орчин тогтвортой байх
тохиолдолд илүү ач холбогдолтой байна.
Харин удирдлагын шаталсан бүтцийн сул тал нь шинэ зүйлийг хүлээж авахад хөшүүн,
уян хатан бус байдагт оршино.
Шаталсан бүтэц нь шатлан удирдагчдын хоорондын мэдээлэл ба удирдлагын
шийдвэрийн үйл явцыг шууд тусгадаг бол зохицох холбоо нь удирдлагын олон янзын
үүргээс хамаа-ралтай мэдээлэл ба удирдлагын олон янзын үүргээс хамааралтай мэдээлэл
ба удирдлагын шийдвэрийг гүйцэтгэн ажилладаг.
Өөрөөр хэлбэл, орчин үеийн номын сангийн удирдлагын зохион байгуулалтын бүтэц нь
босоо болон хэвтээ шугаман бүтцийн системийг хослуулан хэрэглэхийг ач холбогдолтой
гэж үзэж байна.
Босоо шугаман бүтэц нь нэг түвшингийн зохицуулалтын мөн чанарыг илэрхийлдэг бол
хэвтээ холбоо нь бусдаас хамааралтай байдаг.
Удирдлагын босоо шугаман бүтцэд :
Захирал, Орлогч захирал, Хэлтсийн дарга нар, Гүйцэтгэгчдийг босоо хэлбэрээр авч
үздэг бол Аргазүй, Ном бүрдүүлэлт, Фонд, Санхүү, автоматжуулалт зэргийг хэвтээ бүтцэд
авч үзнэ.
Номын сангийн удирдлагын бүтэц нь удирдлагын үйл ажиллагааны хоршилт ба
хуваарилалтын хэлбэр болдог. Удирдла-гын бүтцийн хүрээнд оролцогчдод оногдох
удирдлагын бүтэц, үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эрх, үүрэг хариуцлага болон удирдлагын
шийдвэр гаргах эрх зэрэг удирдлагын үйл явц байнга урган гарна.
Багавтар номын санд удирдагч, удирдуулагчдын хоорондын харилцаанд үндэслэгдсэн
удирдлагын шаталсан бүтэц голлон хэрэглэж, удирдагч нь дангаараа бусад салбар хэсгийн
ажлыг хариуцдаг. Ийм тохиолдолд ажилтны тоо 7-10 –ын хооронд хэлбэлзэж, салбарын
удирдагчдад дунд ба доод шатны удирдагч, гүйцэтгэгч нар хамаарагдна.
Шаталсан бүтэц нь багавтар номын сангийн ажлын эцсийн үр дүнг бүрэн хянах боломжийг
олгож, удирдагчийн хариуцлагыг өндөржүүлэхээс гадна олон талын мэдлэгийг шаарддаг.
Удирдлагын шаталсан бүтцийг тушаал, заавар, дүрэм зэргээр дамжуулан хэрэгжүүлнэ.
Удирдлагын шаталсан бүтцийг тушаал, заавар, дүрэм зэргээр дамжуулан хэрэгжүүлнэ.
Удирдлагын шугаман бүтэц нь хамгийн тодорхой, харьцангуй бие даасан, монголын
өнөөгийн нөхцөлд түлхүү хэрэглэх боломжтой бүтэц бөгөөд бусад удирдлагын бүтцийн
чухал хэсэг болдог.
Орчин үед өргөн дэлгэрсэн бүтэц бол зохицох удирдлагын зохион байгуулалт мөн. Энэ
нь шаталсан удирдлагын хэвтээ ба босоо шугаман функцийн удирдлагын нэгдлийн үр
дүнд бий болно. Өөрөөр хэлбэл, шаталсан удирдлагын давуу тал, хэвтээ шугаман
удирдлагын уян хатан давуу талуудыг хослуулан зохицуулах маягаар удирдлагын аргад
хэрэглэхийг хэлнэ. Номын санд зориулалтын удирдлагын салбар ба алба /боловсон хүчин,
санхүү-эдийн засаг, зохион байгуулалт-аргазүйн, автоматжуулалт, борлуулалтын г.м/
бэлтгэдэг ба мөн шийдвэрийн төслийг ч хийж болно. Хэвтээ функцэн удирдлагын
хуваарилалт ба түүний удирдлага нь доод салбарыг удирдах, шийдвэр гаргах эрхгүй ба
харин номын сангийн салбар, хэлтэс нь дээр буй шугаман удирдагчаар /захирал, орлогч/
дамжин үйл ажиллагаагаа явуулна.
Удирдлагын шугаман-функцийн бүтцэд зөвхөн шугаман удирдагч өөрийн мэдлийн
хүрээнд удирдлагын шийдвэр гаргах боломжтой.
Удирдагч бүрийн үүргийн хуваарилалт нь номын сангийн төрөл, гүйцэтгэх ажлын
хэмжээ гэх зэрэг бусад хүчин зүйлээс хамаарна. Шугаман- функцийн бүтэц нь ажил, үүрэг
нь хааяа өөрчлөгддөг, удирдлагын аппарат хэвшмэл жигд ажиллагаатай, үйл ажиллагаа нь
дахин давтагдах боломжтой газар эрчимтэй байдаг.
Ийм удирдлагын бүтэцтэй тохиолдолд номын сан нь бүх салбар хэлтэсдээ өөрчлөлтийг
ижил тэгш амжилттай хийж чадна. Харин бодит амьдрал дээр ийм тохиолдолд ховор
байдаг ба удирдлагын системийн хариуцах чадвар гадаад орчны шаардлагыг бүрэн гүйцэт
илэрхийлж чаддаггүй. Ийм тохиолдолд бодитой бус дүрэм журам хэрэглэх болдог бөгөөд
энэ нь удирдлагын аппаратын уян хатан харилцааг алдагдуулах, мэдээлэл дамжуулах үйл
ажиллагааг удаашруулах, үйлчилгээний олон янзын ажиллагааны зайлшгүй шийдвэрлэх
асуудлын шийдвэрлэгдээгүйгээс бол удирдлагын ажлын ачаалал, хэмжээ нэмэгдэх зэрэг
хүндрэлд хүргэдэг.
Удирдлагын дээрх бүтцийн системийг орчин үед аль болох уян хатан байдалд авч үзэн,
хослуулан хорших, өөрөөр хэлбэл өөрчлөгдөн буй нийгэмд зохицуулан хэрэгжүүлэх нь
номын сангийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирно.
Номын сан нь гадаад орчинтой зохицон ажиллахын тулд хүмүүсийн хоорондын
харилцааны хүнд суртлын мэт албан ёсны биш, харин өөр хоорондоо зохицсон, нээлттэй
байх шаардлагатай. Ийм учраас бүтцийн зарчмын давуу тал бүрийг ашигласан
зохицуулалтын бүтэц бүхий зохион байгуулалт нэн чухал. Ийм зохицуулалтын зарчим нь :
1. Төсвийн
2. Матричный гэсэн 2 үндсэн зарчимд тулгуурлагдна.
Төслийн бүтэц нь тодорхой асуудлыг тодорхой хугацаанд шийдвэрлэхийн тулд түр
хугацаагаар байгуулагдан ажиллаж, хугацаа дууссаны дараа татан буугдна. Жишээ нь:
Номын сангийн ангиллын асуудлыг боловсруулан хэрэгжүүлэхэд олон тасаг салбарын
мэргэжилтнийг татан оролцуулсан нэг төслийн хамт олныг бүрдүүлж, төслийн удирдагчид
захирагдан ажлаа гүйцэтгэнэ.
Харин матричный бүтэц нь өөрийн үндсэн ажлын зэрэгцээ давхар төслийн ажилд оролцож
хоёр удирдлаганд харьяалаг-дахыг хэлнэ. Энэ нь мөн шийдвэрлэгдэх шаардлагатай асуудлыг
ажлын группээр хамт олноор шийдвэрлэхдээ захирлын дэргэдэх зөвлөл гэх мэт бүтцийн
аргаар үйл ажиллагааг зохион байгуулна.
Удирдлагын шугаман-штабын бүтэц нь мөн ойролцоо шинж чанартай. Энэ нь номын
сангийн бүх тасаг салбарт нөлөө үзүүлэх эрх бүхий зохицуулалтын онцгой салбаруудыг бий
болгодог онцлогтой бүтэц бөгөөд босоо шугаман бүтэц, хэвтээ шугаман бүтэц хоёрыг нэгтгэн
яаралтай шийдвэр гаргахад ашиглагдна. Номын сангийн захирлын дэргэдэх зөвлөл, шинжлэх
ухаан-аргазүйн зөвлөл, редакцийн зөвлөл, хөдөлмөрийн хамт олны зөвлөл гэх мэт нь
удирдлагын шугаман –штабын энгийн бүтцэд орно. Энэ нь нарийн мэргэжлийн хүмүүсийг
оролцуулан асуудлыг хамтран шийдвэрлэдгээрээ ач холбогдолтой.
Номын сангийн захирлын дэргэдэх зөвлөл нь удирдлагын хамтран шийдвэрлэх журмыг
бүрдүүлдэг зөвлөх байгууллага юм. Түүний бүрэлдэхүүнд захирал, захирлын орлогч, тасаг
салбарын бүтцийн удирдагчид, үйлдвэрчний байгууллагын буюу хөдөлмөрийн хамт олны
зөвлөлийн удирдагчид орно.
Шинжлэх ухаан-аргазүйн зөвлөл нь шинжлэх ухаан-аргазүйн ажилтай холбоотой
асуудлыг шийдвэрлэхэд зөвлөлдөх үндсэн дээр байгууллагддаг бөгөөд түүний бүтцэд номын
сангийн нэлээд өргөн мэдлэг боловсролтой мэргэжилтэнг хийж буй ажил үүргээс үл хамааран
оролцуулдаг.
Номын сангийн хөдөлмөрийн хамт олны зөвлөл нь номын сангийн хамт олны
талаархи ерөнхий асуудал, удирдлагын жилийн тайлан, дараа жилийн ажлын
төлөвлөгөөнд тусгагдах асуудлуудыг хэлэлцэхэд оролцож дараах эрхтэй байна:
- Номын сангийн дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулах, батлах.,
- Хамтын гэрээтэй холбогдсон бүхий л асуудлыг хэлэлцэхэд санал оруулах .,
- Хөдөлмөрийн хамт олны фондоос нийгмийн халамж, хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай
хүмүүсийг батлах.,
- Холбогдох хууль дүрмийн дагуу хөдөлмөрийн хамт олны өөрөө өөрийгөө удирдах
асуудлыг шийдвэрлэх.,
- Хөдөлмөрийн хамт олноос захиргаатай хийх ажлын гэрээ, төслийг баталгаажуулах
зэрэгт оролцоно.
Номын санд үйлдвэрчний байгууллага байгуулагдан ажиллана. Уг байгууллага нь
ажилтны цалин хөлс, ажлын нөхцөл, хөдөлмөр хамгаалал, орон сууц, ахуйн үйлчилгээг
голлон хамаардаг. Хөдөлмөрийн хамт олны хурлыг 2-3 жилд нэг удаа хийж, өнгөрсөн
ажлын явцыг дүгнэн, хяналт хийж, дараагийн зөвлөлийг сонгоно.
No comments:
Post a Comment