Шинжлэх ухаан, техникийн дэвшил, нийгмийн мэдээллийн өсөлтөөс шалтгаалан номын
сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, юуны өмнө удирдлагын тогтолцоог бүхэлд
нь бодитойгоор өөрчлөн хөгжүүлэх явдал өнөөгийн тулгамдсан асуудлын нэг болж байна.
Иймээс орчин үеийн номын сангийн удирдлагын шинэчлэлт, өөрчлөлтийн чиг хандлага
“Номын сангийн менежмент “ гэсэн ойлголтын удирдлагын шинэ онолд багтана.
Энэхүү онолын үндэс нь бүх тогтолцооны номын санг бүхэлд нь буюу аль нэг номын
сангийн удирдлагын арга барилыг тодорхойлоход оршино.
Номын сангийн менежментийн орчин үеийн асуудал нь номын тухай мэдлэг,
мэдээллийг дэлхий нийтээр хамтран ашиглахад зохицсон бүтэц бүхий удирдлагын
хөгжлийн зүй тогтол, арга зарчмыг өөртөө агуулдаг. Энэ нь аль нэг улс үндэстний
өвөрмөц онцлог төдийгүй, удирдлагын субьект бүрийн мөн чанарыг ч хадгалж үлдэх
боломжтой.
Номын сангийн менежмент нь цоо шинээр үүсэн буй болж буй салбар бус, харин
хуучин байсан “Удирдлагын” уламжлал дээр шинэчлэгдэн хөгжиж буй удирдлагын тухай
олон нийлмэл, мөн оновчтой ойлголт, нэр томъёо юм.
Номын сангийн менежментийн арга зүйд номын сангийн менежментийн тухай үндсэн
ойлголт, ухагдахуун, арга, үүргийн тухай авч үзнэ.
Номын сангийн менежментийн гол үүрэг нь тухайн улсын номын сангийн /аль нэг
салбарын г.м/ мөн чанар, нийгмийн мөн чанар, нийгмийн үүрэг, үйл ажиллагааны цар
хүрээг тодорхойлж, цаашид амжилттай хөгжих үндэслэлийг гарган ажлаа төлөвлөх явдал
юм. Нөгөө талаар удирдлагын өөрчлөлт, шинэчлэлийн бүхий л хугацаанд хуримтлагдсан
арга туршлагыг өөртөө агуулж тэдгээрийг цаашид ашиглах явдал мөн.
Номын сангийн менежмент нь номын сангийн үйл ажиллагааг шинээр удирдах хэд
хэдэн боломжийг олгодог ач холбогдолтой. Тухайлбал,
а) Удирдлагын илүү тохиромжтой бүтцийг бий болгох.,
б) Эрчимтэй өөрчлөгдөж буй гадаад орчинтой өөрийн ажлыг уялдуулан чадварлаг
зохицуулах.,
в) Хөгжлийн хэтийн төлөвлөгөөг шинэчлэн буй болгох.,
г) Удирдлагын үүргийг иж бүрэн хэмжээгээр гүйцэтгэх.,
д) Албан тушаалаас мэргэжлийн удирдлагад шилжин ажиллах гэх мэт болно.
Орчин үед номын сангийн менежментийг явуулахад бусад улс орнуудын номын
сангийн менежерүүдийн дадлага, туршлага, арга барилаас суралцахаас гадна өөрийн
үндэсний удирдлагын арга ухааны онцлог, нөхцөл байдлыг судлан эзэмших нь илүү үр
дүнд хүргэнэ. Мөн туршлага бүхий чадварлаг удирдагч, эрдэмтэд, социологч,
мэргэжилтэнг түшиглэнэ.
Номын сангийн менежментийн гол зорилго нь нийгмийг номзүйн мэдээллээр хангах
ажлыг боловсронгуй болгож, үйл ажиллагааны явцыг эрчимтэй, бодитой өөрчлөн
хөгжүүлэхэд бүх цэг салбарт мэргэжлийн удирдлагын шинэ арга, хэлбэр, тогтолцоог бий
болгож, ажлын амжилттай хөгжлийн механизмыг бий болгох явдал мөн.
Нийгэм дэхь “Ном-уншлага”-ын ажлыг боловсронгуй болгохын тулд уншигч,
хэрэглэгчдийн хэрэгцээг судлах, хэрэгцээнд тулгуурлан номын сангийн ажлыг эрчимтэй
удирдан зохион байгуулах явдал нэн чухал. Мөн шинэ техник, технологийг нэвтрүүлэн
ашиглах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, шилж сонгох, хуваарилах,
хөгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг үнэлэх, шинжлэх ухааны үндэслэл бүхий системийг
мөрдлөг болгон баримтлах зэрэг удирдлагын менежментийг боловсронгуй болгон
хэрэгжүүлэх нь номын сангийн менежментийн гол арга болно.
Номын сангийн менежментийг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэхийн тулд дараахь
асуудлуудыг онолын түвшинд системтэй судлан үзэх шаардлагатай.Үүнд:
1.Үндэсний номын сангийн үүрэг, зорилго, мөн чанарыг тодорхойлох. (бусад олон
төрөл, салбарын номын сангийн үүрэг, зорилгыг өөр өөрийн онцлогт тохируулан
тодорхойлно) Үүний тулд юуны өмнө:
- Номын сангийн эрхэм зорилго үүрэг, зорилт юу болох, тэр нь тухайн нийгмийн
хөгжлийн мөн чанартай нийцэх эсэх.,
- Нийгэмд /тухайн номын сангийн үйлчлүүлэгчдийг оролцуулж болно/ нөлөөлж буй
мэдээллийн эрин үеийн бодит байдалтай уялдуулан өөрийн номын санг ирээдүйд хэрхэн
дүрсэлж байгаа.,
- Улсын ба орон нутгийн, нийтийн болон тусгай номын сангууд өөрчлөгдөн
шинэчлэгдсэнээр буй орчинд үйл ажиллагаагаа хэрхэн явуулах.,
- Тухайн номын сан нийгэмд ямар үүрэг гүйцэтгэхээ тодорхойлсон эсэх, хэрэв үгүй бол
таныхаар ямар тохиромжтой хувилбар байгаа.,
- Номын сан хэтийн болон ойрын төлөвлөгөөг хэрхэн мөрддөг, хэрэв мөрддөг бол орчин
үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бэлэн байгаа эсэх, харин төлөвлөгөөг
хэрэгжүүлдэггүй бол цаашид хэрхэн ажлаа төлөвлөх гэх мэт асуудлуудыг тодруулан
судална.
2. Номын сангийн ажлын төлөвлөлтийг өөрчлөн шинэчлэх
- Сүүлийн 5 жилд нийгэмд гарсан хямралууд, ямар төрлийн хямралыг танай номын сан
даван туулах, хамтран шийдвэрлэх боломжтой.,
- Энэхүү хямралаас үүдсэн шалтгааны баримтуудыг дэс дараалуулан тодруулж, улсын
бодлогын хэмжээнд юм уу, аль эсвэл дотооддоо шийдвэрлэж болох эсэхийг судлах.,
- Танай номын сангийн хэтийн төлөвлөлтөнд бусад ямар байгууллага хамтран оролцож
болох вэ?
- Номын сангийн төлөвлөлтийн явцыг өргөжүүлэх өөр ямар хүчин чадал боломж буй.,
- Номын сангийн дотоод хүчин зүйлүүдээс давуу болон сул тал нь юу болох
- Дээр тодорхойлсон олон хүчин зүйлийг ашиглан танай номын санг хөгжүүлж болох
гадаад орчныг тодорхойл.,
- Төлөвлөлт ёсоор бусад байгууллага, хамт олонтой хамтран ажиллах үед танай номын
санд болон хамтын ажиллагаанд ашиглаж болох хоёрдахь эх сурвалж юу байж болох,
хэтийн зорилгодоо хүрэхэд ямар байгууллага танайд тусалж болох тухай тодорхойл.,
- Төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлэхэд анхдагч мэдээллийн сонголтыг ямар аргаар
эхлэх тухай гэх мэт саналыг боловсруулан судалж төлөвлөлтийн ажлыг өөрийн номын
сангийн онцлогт тохируулан бодитой хийнэ.
3. Уншигч, хэрэглэгчдийн судалгаа
- Уншигчидтай ажилласнаар хувь хүн болон нийгэмд ямар ач холбогдолтой болох.,
/Өөрийн уншигчийн хүрээнд авч үзэж болно/
- Уншигчидтай ажиллахад номын санчдад яаж туслах тухай асуудлыг онол-практикийн
үүднээс судалж тодорхойлох.,
- Уншигчийн сэтгэлзүйг тогтсон судалгааны аргуудаар судлах.,
- Уншигчидтай ажиллах талаар танай номын санд ямар тодорхой зүйлийг хэрэгжүүлдэг,
цаашдын ажлын төлөвлөгөөнд үүнээс юуг тусгаж болох.,
- Танай номын сан уншигчидтай ажиллах ажлын талаар бусад номын сангуудын хаан нь
ордог гэх зэрэг гол асуудлыг тодорхойлон судална.
4. Номын сангийн ажлын эрчимтэй зохион байгуулалт
- Орчин үед танай номын сан хэрхэн амжилттай ажиллаж байгаа, цаашид улам
боловсронгуй болгох ямар нөхцөл боломж байгаа.,
- Тухайн номын сангийн бодлого /төрөлжүүлэн нэрлэ/
- Номын сангийн дотоод, гадаад харилцаа, цаашдын төлөв.,
- Номын сангийн хамтын үйл ажиллагаанд мэргэжлийн оролцоо хэр байдаг.,
- Тухайн номын сан, номын сангийн аль нэг холбооны гишүүн эсэх, номын сангийн
хүчин чадал, эрхзүйн хэмжээ, хязгаарлалт гэх мэт бусад асуудлыг судална.
5. Номын сангийн боловсон хүчний шилэлт, сонголт, хөгжил
- Номын сангийн зохион байгуулалтын бүтэц.,
- Тухайн номын сан боловсон хүчний асуудлыг бодлогын хэмжээнд авч үздэг эсэх, үздэг
бол номын сангийн ажлын аль нэг хэсгийг тодорхой хөгжүүлэхэд зориулж боловсон
хүчин бэлтгэдэг эсэх, хэрэв үгүй бол юунаас шалтгаалдаг.,
- Мэргэжлийн боловсон хүчний хангалт, туслах ажилтан болон сайн дурын номын
садангуудыг хэрхэн үздэг, тэдний хөдөлмөрийн үнэлэлт.,
- Одоогийн хөлс төлөлтийн системийг хэрхэн үздэг, хөлсний ажилтан буюу цалингийн
тэгшитгэсэн системийг хэрхэн өөрчилж шинэчлэх тухай санал.,
- Ажилчдын урамшуулал, сэтгэл санааны болон ахуйн дэмжлэг туслалцаа, ажлын
нөхцөл, байдал, тасралтгүй боловсрол олгох асуудал ямар байгаа, цаашид хэрхэх
тухай.,
- Ажлын тайлан тооцоог хэрхэн үнэлдэг.,
- Ажлын хариуцлага, сахилгыг тооцох, хуульзүйн үндэс зэргийг судлан тодорхойлно.
6. Удирдлага болон манлайлал
- Удирдлага, манлайллын талаар судлагдсан онолын /X болон Ү-ийн онол/ асуудлыг
практикт хэрэгжүүлэх боломж.,
- Манлайлагчийн тухай ойлголт, түүний үзүүлэх нөлөө, ач холбогдлын талаархи санал.,
- Удирдагчаа сонсоход танд юу саад болж байгаа, ямар асуудлыг хүлээж авах
боломжтой, хамт олон, удирдуулагчид, ажиллагсаддаа удирдагчаа сонсож, идэвхтэй
ажиллахад ямар зөвлөгөө өгөхөөр байгаа.,
- Удирдагч хүний хувийн болон бичгийн соёл, мэдлэгийн түвшин ямар хэмжээнд байх
талаархи асуудлыг судална.
7. Уншигч, хэрэглэгчийн сонирхолын дагуу шинэ технологийг нэвтрүүлж удирдах
- Зураасан тэмдэг, тэмдэглэлийн ач холбогдол, түүний хөгжил, өөрчллөлт, мэдээллийн
эрэлд түүнийг ашиглах.,
- Мэдээллийн хэрэгцээг хангах, дамжуулах шинэ технологи, түүний онолын үндэс.,
- Нийтийн болон тусгай номын санд шинэ технологи нэвтрүүлэх, удирдах арга хэрэгсэл,
электрон дамжуулагчийг ашиглах, түүнд суралцах хэрэгцээ.,
- Программ, техникийн хангамж, ашигтай технологийн сонголт зэргийг тодруулан
судална.
8. Номын сангийн маркетингийн асуудал
- Нийгмийн оюуны хэрэгцээг хангах бүтээгдэхүүнийг бий болгох.,
- Тухайн номын сан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, тэр нь нийтийн хэрэгцээнд нийцдэг
эсэх талаар та хаанаас мэдэж болох.,
- Номын сангаас гаргаж буй бүтээгдэхүүн нь тусгай нэрийн, зах зээлийн нэрийн цогцос
бүхий бараа бүтээгдэхүүн гэж үзвэл хаана, хэнд борлогдож болох.,
- Бүтээгдэхүүн бүрийн өөрийн өртгийг тодорхойлох.,
- Бүтээгдэхүүнийг түгээх, дэлгэрүүлэх сувгийг олох.,
- Зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж, номын санг сурталчлах, мэдээлэл солилцох гэх мэт
номын сан нь өөрийн үйл ажиллагаагаар бүтээгдсэн бүтээгдэхүүнээ тодорхой зорилго
чиглэлтэй хийдэг эсэхийг тодорхойлон судална.
9. Удирдлагын шинэ чиг хандлага
- Тухайн номын санд удирдлагын үүргийг хэн хариуцдаг, эрх тушаалыг яаж
хуваарилдаг.,
- Удирдлагын статистик, төсвийн хязгаарлалтын үеийн удирдлагын шинэ арга, хэлбэр,
орчин үед түүнийг зохицуулах.,
- Номын санд статистикийн ямар төрөл хэрэгждэг, цаашид ямар байх, шийдвэр гаргахад
статистикийг хэрхэн ашигладаг.,
- Тухайн номын сангийн ажлыг боловсронгуй болгоход ямар хэмжүүрийг баримтлах.,
- Номын сангийн захирал өөрийн ажилтан мэргэжилтний үйл ажиллагааг эрчимтэй
удирдан чиглүүлэхэд ямар түвшний зайлшгүй мэдлэгтэй байх шаардлагатай.,
- Мэдээллийг хэрэглэгчдэд амжилттай хүргэхэд нөлөө үзүүлэх тайлангийн ямар арга
хэлбэр байж болох гэх мэт асуудлуудыг нарийвчлан судалсны үндсэн дээр номын
сангийн менежментийн онолын үндсийг тодруулна.
Дээрх сэдэв чиглэлүүдийг нэгтгэн базаж,номын сангийн удирдлага, ажлын зохион
байгуулалт, боловсон хүчний менежмент, менежерийн үүрэг ач холбогдол гэсэн гол
ойлголтыг дараахь хэсэгт авч үзье.
No comments:
Post a Comment