1/13/13

Дөрвөлжин бичиг

Монгол түмний бичиг үсгийн түүхийг эргэн үзэхэд үсэг бичгээ улмаар
боловсронгуй болгох гэсэн эрмэлзэл нэг бус удаа гарсан ажээ. Гэвч эрмэлзэл
гэдэг угтаа өөдрөг зүйл боловч эцсийн үр дүн чухамдаа ямар болох нь тэр бүр
тодорхой байдаггүй билээ. Монголчуудын бичиг үсгээ боловсронгуй болгох гэсэн
эрмэлзэл нь тухайн үеийн улс төрийн байдал, хэлний “шаардлага”, газар нутгийн
хамаарал гэх зэрэг шалтгаанаас үүдэн гарч байсан тул их төлөв “тусгайлиг”
шинжийг агуулж байжээ гэж хэлж болно.
Монголын Юань төрийн үед уйгуржин бичгийг өөрчилж, шинэ үсэг зохион хэрэглэх оролдлого гарчээ. Хубилай хаан“Дөрвөлжин бичиг” гэдэг шинэ үсгийг монголын их эзэнт гүрний багш, төвдийнСажа хийдийн лам Пагва Лодойжанцангаар зохиолгожээ. 1269 онд хааны тусгай
зарлиг гарч дөрвөлжин үсгийг нийт их гүрний албан ёсны бичиг болгосон тухай
тунхаглажээ /“Юан улсын судар”. 202-р дэвтэр/.
“Пагва лам Лодойжалцан (1235-1280) бол Төвдийн Сажа нутгийн алдарт
бандид Гунгаажалцангийн ач хүү бөгөөд түүний эцгийг Содномжалцан гэдэг.
Таван ухаанд мэргэшсэн бандид Гунгаажалцан (1182-1251) бол хэн бүхний
мэдэх яруу найргийн алдарт зохиол “Субашид”-ыг зохиосон бөгөөд XIII
зууны дунд үед Өгөдэй хааны хүү Годан ноёны урилгаар Хөх нуурт ирж
монгол бичгийн анхны хэлзүй “Зүрхэн тольт”-ыг зохиосон бөгөөд энэ үедээ
ач Лодойжалцанг дагуулан иржээ. Төвд эх сурвалжид дурдсанаар хожим
Хубилай хаан Сажа бандидыг ордондоо залах гэж элч явуулсан боловч нас
барсан тул түүний ач хүү Лодойжалцанг 18 настай байхад нь 1253 онд залж
ирсэн ажээ. Лодойжалцан бол мэргэн бандидын дэргэд хүмүүжсэнээс гадна
төрөлхийн гоц авъяастай хүн байсныг тэмдэглэсэн баримт олон буй. Долоон
настайдаа хэдэн арван түмэн үсэгтэй судрыг уншин төгсгөсөн ба 1258 онд
Бумбын ёсны мэргэдтэй ном хаялцан ялж нэн алдаршсан билээ. Саган
Сэцэний “Эрдэний Товч”-д дурдсанаар Хубилай хаан түүний эрдмийг ихэд
биширч багш шавийн барилдлага барьж “огоот туулсан дөрвөн авшигийг”
хүртэж Лодойжалцанд “гурван газрын номын хаан Пагва хутагт лам” цолыг
өргөж хас тамга хүртээжээ /Чоймаа.Ш, Дөрвөлжин бичиг.
http://www.tanhim.net/.
Монголын дөрвөлжин бичиг хэмээх шинэ үсэг бичгийг Хубилай хааны
даалгаваар Пагва хутагт лам зохиож дөрвөлжин үсгийн анхны сургуулийг өөрөө
гардан явуулж байжээ. Монгол дөрвөлжин бичгийг төвд үсэгт тулгуурлан уйгуржин
монгол бичгийн системд судалж зохиосон бөгөөд энэ тухай академич
Ш.Лувсанвандан:
“Дөрвөлжин үсгийн дурсгалын зүйлийг үзэхэд Пагва лам тэр цагийн монгол
ярианы хэлний авиазүйг сайн ажигласан төдийгүй уйгуржин монгол бичгийн
систем, зөв бичих дүрмийг сайн судалж байж дөрвөлжин үсгээ зохиосон
болох нь илэрхий байна” хэмээн өгүүлжээ /Чоймаа.Ш, Дөрвөлжин бичиг.
http://www.tanhim.net/.
Пагва лам Лодойжалцан Хубилай хааны зарлигаар Монгол дөрвөлжин
үсгийг зохиож дуусмагц 1269 онд улс гүрэн даяар албан хэрэгт хэрэглэх тухай
Хубилай хааны зарлиг гарчээ. Уг зарлиг нь:
“Би санаваас үсгээр үгийг бичмүй. Түүгээр хэргийг тэмдэглэмүй. Энэ нь эрт
ба өдгөөгийн нэвтэрхий хууль болой. Манай улс умард газар тулгар
байгуулсан тул суртал нь хэмжээтэй, эртнийг эрхлэх тул дүрэм тогтоол
үүсгэж завдсангүй. Аливаа хэрэглэх үсэг бичиг нь хятадын хичээнгүйлэх ба
жич холхи олон улсын дүрмийг хянаваас тус тусдаа үсэг буй амуй. Өдгөө
бичгийн засаг улмаар хөгжих үсэг бичгийг тогтоох нь дутуу, бүрдээгүй тул
ийнхүү тусгайлан улсын багш Пагвад тушааж монголын шинэ үсгийг үүсгэн
зохиолгов. Аливаа бичиг үсгийг орчуулан бичихэд үгийг дагаж хэргийг
нэвтрүүлэхийг эрмэлзэх амуй. Түүнээс хойш аливаа хас тамга дарж бичиг
тархаан буулгахад монголын шинэ үсгийг хэрэглэж басхүү хамтаар тус
тусад нь түүний улсын үсэг бичгийг хавсруулагтун” /Чоймаа.Ш, Дөрвөлжин
бичиг, http://www.tanhim.net/ хэмээсэн байдаг.
Энэ зарлигаас үзвэл Хубилай хаан өөрийн байгуулсан их Юань улсын
хэмжээнд хэрэглэх тусгай шинэ бичигтэй болохыг эрмэлзсэн санаа тод харагдаж
байна. Одоо олдоод байгаа дөрвөлжин бичгийн дурсгалын зүйлс дотор монголоос
гадна хятад, төвд, санскрит, турк хэлний дөрвөлжин үсгээр бичсэн материал
цөөнгүй буй. Ийм учраас алдарт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов монголын
дөрвөлжин бичгийг “олон улсын цагаан толгой” гэж нэрлэсэн билээ. Шинэ үсэг
зохиох болсон туслах шалтгаан бол тухайн үеэс олон жилийн өмнө боловсорсон
уйгуржин монгол бичиг нь XIII зууны монголын аман аялгуунаас зохих хэмжээний
зөрүүтэй байсан бөгөөд нөгөө талаар уйгуржин монгол бичгийн цагаан толгойн
үсгүүд хятад, төвд зэрэг Юань улсын бүрэлдхүүнд байсан улс үндэстний хэлний
авиаг нарийн тэмдэглэхэд хүрэлцэхгүй байсан явдал болон төвдөөс уламжилсан
бурхны шашныг төрийн шашин болгохыг зорьсонтой ч холбоотой байж болох юм.
Өмнөх зарлигаас үзэхэд монголын дөрвөлжин бичгийг хэрэглэхдээ бусад
үндэстний хэрэглэж байсан уйгуржин монгол, хятад, төвд зэрэг үсэг бичгийг дор нь
халсангүй харин хамтад нь хэрэглэх шилжилтийн арга хэрэглэсэн нь тодорхой
байна. Гэвч монголын дөрвөлжин бичгийг түгээн дэлгэрүүлэх талаар Хубилай хаан
олон зүйлийн ажил зохиосон бөгөөд тухайлбал 1269 онд Юань улсын бүх 169 замд
дөрвөлжин бичгийн сургуулиудыг үүсгэн байгуулж 1272 онд дөрвөлжин бичгийг
заах улсын тусгай сургуулийг байгуулж голдуу монгол ноёд, түшмэдийн хөвгүүдийг
сонгон авч сургаж байжээ. 1275 онд дөрвөлжин бичгийн хэргийг эрхэлсэн эрдмийн
тусгай хүрээлэн байгуулжээ /Ш.Чоймаа. Дөрвөлжин бичиг. http://www.tanhim.net/.
Дөрвөлжин бичиг нь төвд, санскрит үсэгт тулгуурлан зохиосон үет үсэг
бөгөөд Юань улсын үед амьдарч байсан Шэн-Си-Мин гэдэг хүний Фан-Шу-Као
гэдэг номд 43 үсэгтэй гэж дурдсан боловч бүх үсгийг гүйцэд тодорхойлоогүй ба
“Юань улсын судар”-т 41 үсэгтэй гэж тэмдэглэжээ. Дөрвөлжин бичгийн цагаан
толгойн 41 үсгээс жинхэнэ монгол үгийг тэмдэглэхэд 23-аас хэтрэхгүй юм. Үлдсэн
үсэг нь харь хэлний үгийг тэмдэглэх шаардлагыг хангасан үсгүүд байжээ. Үсгийн
дүрс хэлбэрийг төвд үсгээр үлгэр болгосон болохоор дөрвөлжин дүр байдалтай
харагддаг. Харин бичихдээ үе үеэр тасалж уйгуржин монгол бичиг шиг дээрээс
доош буулган бичдэг юм. Өөрөөр хэлбэл Пагва лам дөрвөлжин үсгийг зохиохдоо
үсгийн төрхийг төвд үсэгт тулгуурласан боловч бичлэгийн системийг монгол бичигт
тулгуурлажээ.
Дөрвөлжин бичгийг хэрэгжүүлж ирсэн анхны үед
уйгуржин монгол бичгээс ялгахын төлөө “монголын шинэ үсэг”
хэмээн нэрийдэж байв. Гэтэл “Үүнээс хойш монгол үсгийг
шинэ үсэг хэмээн дуудаж болохгүй” гэж хааны зарлиг
тусгайлан гарсны улмаас “Монгол улсын үсэг”, “Юань
улсын үсэг” гэж нэрийдэх болжээ. Хожмын судлаачдын дунд
“Дөрвөлжин үсэг”, “Пагва үсэг” гэж алдаршсан билээ.
1271 онд Хубилай хаан бас зарлиг нийтэлж дөрвөлжин үсгийг хэрэгжүүлсэн хоёр
жилийн турш ахицгүй байгааг зэмлэж, цаашид дэлгэрүүлэх тухай 11 зурвас
гаргажээ. Уг зарлигт дөрвөлжин үсгийг заан сургах сургуулийг түгээмэл байгуулах,
холбогдол бүхий сайд түшмэд, албан хаагчдад “зуун өдрийн дотор монгол бичгийг
(дөрвөлжин бичгийг) заавал сайтар сурч эзэмшихийг” шаардсаны хамт хүмүүсийн
сурах дур сонирхлыг хөгжөөхийн тулд дөрвөлжин үсэг сурагсдыг “алба улаанаас
хэлтрүүлэх” сайтар сурч боловсорсон хүнд “зүй зохисыг нь үзэж албан тушаал
олгох” зэрэг зарлиг тогтоол гаргасан байна. Ингэж төрийн зүгээс зүйл зүйлийн арга
хэмжээ авсан хэдий ч дөрвөлжин бичиг зуу гаруй жил хэрэглэгдээд зогссон байна.
Дөрвөлжин бичиг нийт монгол үндэстний бичиг үсэг болж чадаагүйн шалтгаан
гэвэл:
1) Юань улсын бүрэлдэхүүнд байсан монгол, хятад,
төвд, уйгур зэрэг нь цөм дадан хэвшсэн эртний бичиг
үсэгтэй, боловсорсон утга зохиолын хэлтэй байсан тул
шинэ үсгийг тийм амархан авч чадахгүй байсан.
2) Дөрвөлжин бичгийг уйгуржин монгол бичигтэй харьцуулбал бичихэд хялбар бус,
үеэр таслан бичиж цэг тэмдэг хэрэглэдэггүй тул үг, өгүүлбэрийн зааг тодорхойгүй
байдаг зэрэг дутагдалтай байсан.
3) Уйгуржин монгол бичигт монголын олон аялгуунд сэлгэн хэлдэг авиануудыг
адил үсгээр тэмдэглэсэн байдгийг Пагва лам дөрвөлжин бичигтээ ялган тэмдэглэх
үсэг зохиосон билээ. Энэ нь монгол туургатны дунд түгээмэл түгэхэд саад болсон
бололтой /Ш.Чоймаа. Дөрвөлжин бичиг. http://www.tanhim.net/.
Пагва лам их гүрний улсын бичгийг зохиохдоо зөвхөн цагаан толгойг нь
боловсруулсан төдийгүй, харин монгол хэлний хувьд монголын утга зохиолын
шинэ хэлийг зохион бий болгохыг оролджээ. Гэвч тэр нь эх монголоосоо тасархай
бөгөөд хятадад төвлөрөн ноёрхож суусан монгол хаадын ордны хэсэг язгууртны
ярьж байсан монгол хэлний зөвхөн ганц аялгууг үндэслэн зохиосон учир нийт
монголчуудад ойлгомж муутай хэтэрхий шинэ чамин зүйл байсан бололтой. Энэ
учраас ч дөрвөлжин үсэг нь Юань улсын хааны ордны хүрээнээс гадагш гарч
төдий л чадсангүй, зөвхөн хаадын зарлиг зэрэг албан хэргийн хэл төдийхнөөр
хэрэглэгдэн байгаад, Юань төр мөхмөгц аажмаар мартагдахад хүрчээ. Өдгөө
бидэнд дөрвөлжин бичгээр уламжлан ирсэн, олдсоор байгаа дурсгалууд нь
монгол, хятад, төвд, түрэг, араб хэлээр байгаа билээ. Элч төлөөлөгчид олгосон
дөрвөлжин бичгийн бичээс бүхий пайзууд байх бөгөөд голдуу төмөрлөг зүйл ба
хас чулуугаар үйлдсэн, дүгрэг, урт дөрвөлжин хэлбэртэй, оосорлон авч явах нүх
бүхий байдаг. Пайзуудын үг, агуулга нь ойролцоо бөгөөд жишээлбэл монгол
хэлээр дөрвөлжин үсгээр бичсэн бичээс бүхий нэгэн ширмэн пайзын үг нь “Мөнх
тэнгэрийн хүчинд хааны зарлиг, хэн эс биширвээс алдтугай” гэжээ. Түүхэн
сурвалжийн мэдээ, эрдэмтдийн судалгааг үзвэл Юань улсын үед олон ном судрыг
дөрвөлжин үсгээр бичиж, барлаж байсан бөгөөд өдгөө бидний үед уламжлан
ирсэн нь тун ховор ажээ. Мөн зоос, мөнгө, тамга тэмдэг, сүм хийдийн барилга
дээрх бичээс зэрэг зүйлс нилээд үлдсэн байна. Одоогоор олдож байгаа дөрвөлжин
бичгийн дурсгалууд нь он цагийн хувьд хамгийн сүүлчийх нь 1377, 1382 оны
дурсгал юм. Сажа Бандид Гунгаажалцаны зохиосон “Субашид” хэмээх яруу
найргийн зохиолыг орчуулаад дөрвөлжин үсгээр барласан номын нэгэн тасархай
хуудсыг Финляндын нэгэн жуулчин 1906 онд дорнод Туркестанаас олжээ.
Финляндын эрдэмтэн Г.Рамстедт эхлэн судалж XIV зууны эхэн үед дөрвөлжин
үсгээр барласан бурхны шашны номын тасархай мөн гэж дүгнэжээ. Хожим түүний
шавь П.Аалто проф. Л.Лигетийн хэвлүүлсэн “Субашид”-ын XIV зууны эхэн үеийн
Тарнич тойн Сономгарагийн монгол орчуулгатай тулган судалж дөрвөлжин үсгээр
байгаа уг номын тасархай хуудас нь “Субашид” болохыг баталжээ.
Энэ үед бүддийн шашны олон тооны ном зохиолыг голдуу уйгуржин бичгээр
монгол хэлэнд орчуулж байсан нь тэр бичгийн байр суурийг улам бэхжүүлэхэд тус
дөхөм болов. Монгол бичгийн хэл утга зохиолын хэл болон цаашид улам хөгжив.
XIV зууны эхнээс аваад монгол бичгийн хэл нь өөрийн хөгжлийн шинэ үедээ
оржээ. Монгол бичгийн хэл бүрмөсөн хэлбэршин төрхжиж, ардын амьд аялгууны
нөлөөгөөр үүссэн шинэ шинэ зүйл бичгийн хэлэнд нэгэнт орж тогтворжоод, монгол
үсгийн зөв бичих дүрэм ч зүгшрэн боловсров.
Тэр үеэр санскрит, түвэд, хятад, иран хэлнээс монгол хэлэнд ном зохиол
орчуулах ажил их хийгдэх болсонтой холбогдон монгол хэлний үгсийн санд эдгээр
хэлнээс урьд өмнө буюу тэр үед зээлдэн авсан ба үгчлэн орчуулсан үгс, нэр
томъёо олшров. Жишээ нь: шашин (шашана), цадиг (жатака), бадир (патра), базар
буюу очир (важра), сансар (сансара) зэрэг санскрит үгс, мөн болод (пулад), булгар
(булгари), дарь (дари), дэвтэр (дафтар), тогос (таус) зэрэг иран үгс монгол хэлэнд
орсон нь одоо ч гэсэн өргөн хэрэглэгдсээр байгаа билээ.
Эртний энэтхэг, төвдийн хэл зүйн ухааны нөлөөгөөр монголчуудын дунд хэл
зүйг сонирхон судлах явдал мөн өрнөж байв. Эртний энэтхэгийн Банини (Панини
МЭӨ V зуун), Түвэдийн Томисамбхата (МЭ VII зуун), Сажабандид Гунгаажалцан
(1182-1251) зэрэг энэтхэг, түвэдийн хэлний онолчдын зохиолыг судлаж, онол
сургаалы нь монгол хэлний өвөрмөц байдалд
тохируулан хэрэглэх улмаар хэлний зүйн биеэ даасан
зохиол номыг ч мөн бичиж туурвих болжээ.
Тухайлбал, Чойжи-Одсэрийн “Зүрхний тольт” гэдэг
зохиол байна. Чойжи-Одсэр бол ХIII-ХIV зууны үеийн
монголын нэрт эрдэмтэн, гүн ухаантан, яруу найрагч
мөн бөгөөд монгол хэлний судлал, орчуулгын талаар
их зүйлийг бүтээжээ /Дамдинсүрэн.Ц, 1957, 102-116
дахь тал/. Энэ эрдэмтэний зарим ном зохиол сайн мэдэгдэж байгаа боловч өөрий
нь тухай шинжлэх ухаанд мэдэгдсэн нь тун бага ажээ. Зарим сурвалж бичгийн
(“Юан-ши”-ийн 24-р дэвтэр, ХҮП-ХIХ зууны монгол түүхийн зохиолууд зэрэг)
мэдээнээс үзэхэд Чойжи-Одсэр Өлзийт (1295-1307) ба Хайсан хүлэг (1308-1311)
хаадын үед лав 1321 оныг хүртэл ном зохиолын ажлаа хийсээр явжээ. Чойжи-
Одсэр монгол хэлнээс гадна санскрит, түвэд, уйгур хэл бичгийг нэвтэрхий мэдэж
байсан учир тэр цагийнхаа Дорно дахины соёл, ухааны өндөрлөгт байж чаджээ
/Монгол улсын түүх. Дэд боть. 2005, 349 дэхь тал/.
Чойжи-Одсэрийн «Зүрхэн тольт» одоо болтол олдоогүй байгаа боловч энэ
зохиолын талаар хожуу үеийн хүмүүсийн бичсэн тайлбаруудаас уул номынн гол
утга агуулгыг мэдэх нөхцөлтэй юм. Эдгээр зохиол нь тайлбарлаж буй гол номын
агуулгыг яг хэвээр нь оруулан бичихийг эрхэм болгодог тайлбар зохиолын үлгэр
загвараар бичигдсэн учир, Чойжи-Одсэрийн зохиолын үндсэн агуулгыг мөнхүү
зохиолуудаас сэргээн мэдэж болох байна. Чойжи-Одсэр монгол цагаан толгойн а,
э, и, о, у, ө, ү гэдэг долоон эгшгийг тодорхойлж, тэдгээрээр үндсэн гийгүүлэгч
үсгүүдийг хувилгах зарчмыг голчлон баримталж монгол цагаан толгойн тэмдэгтийг
123 үсгээр анх тоггоожээ. Өөрийн энэ зарчмыг тэр томъёолон бичсэн нь:
“Эгшиг үсэг амь эс орсон үсэг үгүй болой. Үлгэрлэвээс на, нэ тэргүүтнийг
өгүүлэхийн цагт эгшиг оролгүй өгүүлж үл болох болой... Эгшгүүд хувилсан
ёс нь: на-д о, у үсэг амь орж но, ну хийгээд нэ-д ө, ү амь орж нө, нү болсон
мэт болой” /П.Б.Балданжапов, 43 дахь тал/ гэжээ.
Чойжи-Одсэр нь монгол үсгийг чанга, хөндий, саармаг гэж гурван анги
болгон хувааж үсгийн дэвсгэрлэх ёсыг боловсруулснаас гадна монгол хэлний
авиаг дуудахад нь оролцох эрхтний байрлалаар оггоргуй, хий, гал, ус, шороо гэдэг
таван махбоди болгон хуваажээ. Чойжи-Одсэр монгол бичгийн эгшиг зохицох ёсыг
анх нээн боловсруулсныг хэлний мэргэжилтэн нар Монгол хэл шинжлэлийн том
амжилт мөн гэж үздэг билээ. Эгшиг зохицох ёсны гол дүрэм нь:
1. А, О, У эр эгшгийн дараагаар зөвхөн тийм эр эгшиг орно.
2. Э, Ө, Ү эм эгшгийн дараагаар зөвхөн тийм эм эгшиг орно.
3. И гэдэг эрсүү буюу саармаг эгшиг эр, эм эгшгийн алинтай нь ч нэг
үгэнд орж болно.
Тийнхүү Чойжи-Одсэр хуучин монгол бичгийн зөв бичих дүрэм, авиалбар
зүйн үндсэн дүрмийг боловсруулсан ажээ. Түүний «Зүрхний тольт» бол монголын
хэлний судлалд гарсан нэг том амжилт байв. Энэ зохиол сүүлийн үе хүртэл монгол
бичгийн хэлний зүйд үндсэн гол үүрэг гүйцэтгэж, монгол хэлний судлалын ухааны
хөгжилд их нөлөө үзүүлжээ.

No comments:

Post a Comment