Монгол туургатанууд өвөг дээдсийнхээ үеэс түүхэн хөгжлийнхөө туршид хэд
хэдэн үсэг бичгийн тогтолцоог хэрэглэж ирсэн бөгөөд энэ бичиг үсгүүдийн дотроос
анх буй болсон цагаасаа өнөөдрийг хүртэл хамгийн удаан, тасралтгүй, нийт
монгол туургатанд нийтлэг хэрэглэгдсээр ирсэн нь монгол бичиг билээ.
“Монгол бичиг”, “Худам монгол”, “Хуучин бичиг”, “Уйгуржин бичиг” гэх
зэрэг олон янзаар нэрлэдэг энэ бичгийн гарал үүсэл, мөн чанарын талаар ихээхэн
маргаантай явж ирсэн боловч тэрхүү бичигчухамдаа нийт монгол туургатны бичиг
соёлын түүхнээ онцгой байрыг эзэлсээр байгаа нь уг бичгийг монгол даяар өргөн
хүрээнд, урт удаан хугацаанд тогтвортой хэрэглэж ирсэнд гол асуудал оршиж
байгаа юм.
Монгол энэ бичиг үсэг нь уг гарлаараа эртний Финикид (Ойрхи
Дорнодод) анх үүсэн финикийн бичгийн системд хамаарагдах бичиг үсгүүдийн нэг
байжээ. Учир нь финикийн бичиг үсгээс арамей бичиг үсэг, түүнээс согд бичиг,
түүнээс уйгур салбарлан гарч улмаар согд, уйгур бичиг үсгээс монголын уйгуржин
хэмээх хуучин бичиг үсэг бий болсон түүхтэй. Монгол аймгууд уйгуржин бичгийг
чухам хэдийд авч хэрэглэх болсон тухай асуудлаар эрдэмтдийн дотор олон санал
таамаглал байдаг. Монголд уйгуржин бичиг хэрэглэх болсон нъ XIII зууны эхэн үе
болно гэж сүүлийн үе болтол ихэнх эрдэмтэд үзэж иржээ. Энэ санал Мэргэн
гэгээний “Алтан товч”, “Юан ши” түүхийн 124 дүгээр бүлэгт буй нэгэн домгийн
чанартай мэдээнд тулгуурласан юм. Тэр домгийн ёсоор Чингис хаан найман
аймгийг байлдан дарах үеэр (1204) Таян хааны бичгийн сайд Тататунгаг хааных нь
тамганы хамтаар олзлон авч бичигтэй тамганы учрыг асуун мэдээд уул тамгыг
төрийн хэрэгт хэрэглэх болсон ба мөн уйгуржин бичгийг ноёд, түшмэдэд зааж
сургахыг Тататунгад тушаасан гэнэ. Энэхүү мэдээ монгол аймгуудын дунд
уйгуржин бичиг хэрэглэх болсонтой холбож үзэх нь учир дутагдалтай, харин
Чингис хаан найман, уйгур аймгуудын бичгийн хүмүүсийн тусламжтайгаар
уйгуржин үсгийг анх нийт монгол улсын албан бичиг болгосон явдалтай уялдуулан
авч үзүүштэй. Монгол бичгийн үүсэл, он цагийн талаар эрдэмтдийн дунд янз
бүрийн санал бий. Харин сүүлийн үеийн судалгааны шинэ баримт хэрэглэгдэхүүнд
тулгуурлан олон эрдэмтэд монголчууд монгол бичгээ XIII зуунаас нилээд өмнө
авсан гэж санал нэгтэй үзэх боллоо.
”Хуучин монгол үсгийн нэг онцлог нь нэг үсэг үгийн эхэн, дунд, адагт янз
бүрээр хувирдагт оршино. Ингэж нэг үсэг янз бүрээр хувирах нь эртний согд,
уйгур бичигт ч нэгэн адил байсан юм. Нэг үсгийн янз бүрийн хэлбэртэй
болсон нь үсгээр үг тэмдэглэхдээ уг үсгүүдийг бие биеэс нь салангад биш,
залгаж бичихтэй холбогдон гарч ирсэн байна. Үг хэлэхэд хүний амнаас
цувран гарах авиа бие биедээ нөлөөлж, мөн нэг авиа үгийн эхэн, дунд, адагт
янз бүрээр хувирдагийн адил үсгийг цувруулан залгаж бичихэд мөн нэг
үсгийн хэлбэр зэргэлдээ үсгийн бичлэгээс болж янз бүрийн хэлбэртэй болох
нь зүйн хэрэг. Нэг авиа нөгөө зэрэглээ авианыхаа нөлөөгөөр хувирдаг бол
мөнхүү авиаг тэмдэглэсэн үсгийн хувилбарт зохих тусгалаа олж болох юм.
Энэ учраас бид нэг авиаг тэмдэглэсэн үсгийн янз бүрийн хувилбарыг мөн
нэг фонемын янз бүрийн хувилбартай харьцуулж үзэх бүрэн үндэстэй юм”
гэсэн билээ.
Монголын их гүрний үед уйгуржин бичгийг төрийн албан хэрэгт өргөн
хэрэглэх болсон ба энэ бичигт монголын ноёд түшмэд, тэдний үр хүүхдийг
сургадаг байжээ. Монгол хаадын дэргэд найман, уйгур, хэрэйд зэрэг бичгийн сайд
түшмэд уйгуржин бичгээр төрийн хэргийг хөтөлж байжээ. Мөн түүнчлэн монгол
хаадын ордонд тухайлбал, Мөнх хааны үед перс, уйгур, хятан, тангуд зэрэг хэлний
сайд түшмэд буюу тэр цагт нэрлэж байснаар битэгчи (бичээч) нар олноор ажиллаж
ямар оронд бичиг зарлиг илгээнэ, тэр хэл бичгээр бичдэг заншилтай байжээ.
Гэхдээ уйгуржин бичиг монгол улсын албан бичиг байсан учир гадаад хэлээр
бичсэн бичиг баримтыг заавал уйгуржин үсгээр монгол хэлээр цохож гарын үсгээ
зурдаг заншилтай байжээ. Өгэдэй хааны үед их сайд буюу их битэгч Чингай
хятадаар бичсэн бичиг баримтыг уйгуржин үсгээр заавал цохдог байсан бөгөөд
хэрэв цохолтгүй бол уул бичиг баримт хүчингүйд тооцогддог байжээ. Энэ заншил
Их гүрний үед бичгийн мэдлэг боловсрол бүхий хүмүүс ихээхэн хэмжээгээр
шаардагдаж байсан учир монгол бичиг үсэгт сургах ажлыг багагүй зохиодог
байжээ. Дээр өгүүлсэн Чингис, Өгэдэй, Гүюг хааны үеийн нэрт заргач Шихихутаг,
бичгийн мэргэн сайд Чингай, Гүюг хааны засаг төрийн хэргийг эрхэлж байсан
найманы Кадаг ноён, Мөнх, Гүюг хааны үеийн бичгийн сайд ойрадын Аргун эмир
зэрэг бичгийн боловсролтой хүмүүс цөөнгүй гарчээ /Монгол улсын түүх, Дэд боть,
2005, 347 дахь тал/.
Монгол бичгээр үлдэж ирсэн зүйл гэвэл он, цаг төрийн эрхээр үлэмжхэн нь
үрэгдсэн боловч чамлахааргүй дурсгал бидний үетэй золгожээ. Үүнд: дээр
цухасхан дурдсан Санкт-Петербургт буй “Чингисийн чулууны бичиг” (1224-1225),
Ватиканы нууц Архивт буй Гүюг хаанаас Их Паптанд илгээсэн захидал дээр
дарсан тамгын дардас (1246), Авга хааны албан захидал (1279), Ил хан Аргун,
Газан нараас Пап ламтан IV Николас болон VШ Николаст удаа дараа илгээсэн
захидал (1290, 1302), Хятад газар буй “1240 оны хятад монгол бичээс” буюу
Өгэдэй хааны зарлиг, Парис хотноо Улсын архивт хадгалагдаж буй ил хан Аргун,
Өлзийт нараас Францын Гоо Филипп вантанд удаа дараа илгээж байсан захидал
(1289, 1305), Монголын эзэмшилд байсан Сири-палестины монгол захирагчийн
зарлиг (хиджра тооллын 658 он буюу 1260), Тегеран хотноо хадгалагдаж буй мөн
тэр үеийн хэд хэдэн захидал зэрэг албан бичгийн зүйл, хэдэн зүйл “Зүрхэн тольт”
нэртэй хэлзүйн бичгүүд, ХШ-ХIV зууны үед хятад, төвд, самгардаас монголчилсон
“Тахимдуу бичиг”, “Бодичарияавадара, түүний тайлбар”, Македоны Александрын
тухай “Сулхарнайн тууж”, “Субашид”, “Бурхны арван хоёр зохионгуй” зэрэг иргэний
болон шашны агуулга бүхий сонгодог зохиолуудын орчуулга гээд өдгөөг хүртэл
жагсаахад давад барагдахгүй олон дурсгал монгол бичгээр байсан буюу үлдэж
иржээ.
Монголчуудыг түүхэнд хамгийн олон үсэг бичиг зохиож хэрэглэхийг
оролдсон ард түмэн гэж хэлж болох боловч, цаг хугацааны хувьд хамгийн урт
удаан бөгөөд тогтвортой, орон зайн хувьд нийт монгол туургатны тухайд нэгдмэл
бөгөөд жигд хэрэглэсэн ганц бичиг бол монгол бичиг болно. Үүний учир юу вэ?
Харьцангуй хожуу зохиосон бусад бичиг үсэг яагаад түүнээс давж гарсангүй вэ?
Гэсэн асуулт гарна. Үүнийг монгол бичгийн үсэг зүйн онцлог хийгээд зөв бичих
зүйн зарчмаас өөр зүйлээр тайлбарлах аргагүй. Үсэг зүйн хувьд энэ бичиг нь өргөн
уудам нутагт тархан өөр өөрийнхөө нутгийн өвөрмөц аялгуугаар хэлэлцэгч олон
монгол аймаг угсаатны хэлний онцлогийг жигд харгалзаад бичигт түүнийгээ
үсэгзүйн аргаар эрх тэгш тусгаж чадсантай холбоотой ажээ. Тухайлбал: аливаа
үгийг нутаг нутагт өөр өөрийнхөө аялгуугаар унших бүрэн боломжтойгоос гадна
тухайн үгийн утга санаа монгол туургатан даяар нийтлэг нэг байх тул монгол бичиг
нь олон аялгуугаар хэлэлцэгч монголчуудыг бичгээр нь нэгтгэн өгч байсан ажээ.
Өөрөөр хэлбэл монгол хэлний нутаг нутгийн аялгууны онцлог бүрийг нягтлаад
ямар авиа аль нутагт ямар авиатай хэрхэн сэлгэдэг зэргийг анхаарч тэдгээрийг
бичигт гол төлөв нэгэн үсгээр тэмдэглэх зарчмыг баримталсан байна. Төрийн
зүгээс ч монгол бичиг сургахад онцгойлон анхаарч цааз хуульдаа тусгай заалт
оруулж байсан баримт бий
No comments:
Post a Comment