1640 онд Ойрд, Халхын ноёд цугларч “Их цааз” гэдгийг тогтооход оролцжээ.
Ойрдын Эрдэнэ Баатар хунтайжийн санаачилгаар монголын билгийн улирлын XI
жарны төмөр луу жилийн намрын дунд сарын шинийн таванд Тарвагатайн Улаан
Бураа хэмээх газар Халх, Ойрдын ноёдын чуулган болсон бөгөөд түүнд Халхын
Засагт хан Субадай, Түшээтхан Гомбодорж, Сэцэн хан аймгийн нөлөөтэй том
ноёд, Ойрдын Эрдэнэ Баатар хунтайж, Хөндлөн Увш, Хошуудын Гүүш хан Төрбайх
зэрэг халх, ойрд, хөх нуурын монголчууд, Ижил мөрний торгуудын гол гол ноёд
оролцсон ажээ.
Тэр чуулган феодалын бутралыг давж, үндэсний нэгдсэн улсыг
сэргээн бэхжүүлж, харийн дайсныг хамтран эсэргүүцэх хэрэгт монгол угсаатны
хамтын хүчин зүтгэлийг нэгтгэх гол зорилтыг тавьсан билээ. Энэ чуулганаар
шарын шашныг түгээн дэлгэрүүлэх тухай бас хэлэлцсэн бөгөөд 1641 оны хавар
Халхын Засагт хан Субадай Зая Бандидыг урин залж, улмаар Түшээт хан, Сэцэн
ханыд заларсан байна. “Их цааз” тогтоосон 1640 оны чуулганд Зая Бандид
оролцсон учраас түүнийг халхын ноёд бишрэн хүндэлж дараа жил нь өөр өөрийн
нутагтаа залсанбайна. Зая Бандид халхад явсан зорилгыг Оросын түүхч доктор
И.Я.Златкин:
“Халх долоон хошуунд Зонховын шашныг дэлгэрүүлэхийн сацуу Халхын 3
хантай учирч Манж чин улсын түрэмгийллийн эсрэг нэгдэх гэсэн Халх,
Ойрдын хуулийн гол санааг давтан сануулах зорилгоор явсан бололтой”
/Ш.Чоймаа, Тод бичиг, http://www.tanhim.net/ гэж тодорхойлжээ.
Энэхүү Зая бандид нь монголын бичиг, үсгийн соёлд томоохон байр эзэлдэг
тод бичгийг зохиосон хүн юм. Ойрдын Зая Бандид Огторгуйн Далай хэмээх
Намхайжамц (1599-1662) хулгана жилийн өвөл буюу 1648 онд Чүй мөрөнд
өвөлжих үедээ Тод хэмээх бичгээ зохиожээ. Энэ үеийн улс төр, нийгмийн
байдлыг үзвэл монголчуудын тусгаар тогтнолд Манжийн зүгээс заналхийлж, бас
буддын шашны нөлөө гуравдахь удаагаа хүчтэй болж байснаас гадна нийт
монголчуудын эв нэгдлийн хувьд тийм ч таатай цаг биш байжээ. Зая Бандид
Намхайжамцын намтар “Сарны гэрэл” хэмээх номыг түүний шавь Раднаабадраа
1691 онд туурвиж үлдээсэн бөгөөд энэхүү намтар зохиолын монгол тод бичгээр
уламжилсан эх нь Монгол улсад байхаас гадна тод бичгээр байгаа хэд хэдэн
бичмэл эх нь ОХУ-д хадгалагдаж байна.
“Ойрдын хошууд Яст Гөрөөчин отгийн Шангас овогт их бандид Огторгуйн
далай буюу Намхайжамц нь 1599 он буюу шороон гахай жил Баавханы
тавдугаар хүү болон мэндэлжээ. Тэр цагт дөрвөн ойрдын ноёд нэг нэг хүүгээ
сахил хүртээж банди болгоё хэмээн тохиролцсон тул Байвгас баатар
Намхайжамцыг 17 настайд нь үрчлэн авч сахил хүртээн лам болгожээ.
Тэрчлэн авсан эцэг Байвгас нь Чингисийн дүү Хавт Хасарын удмын ноён
бөгөөд Дөрвөн Ойрдын түүхэнд зартай хүний нэг билээ. Намхайжамц 1617
онд Төвдийн Цогт Брайбүн хийдэд шавилан суужээ. Энд 20 гаруй жил “таван
ухаан”-ы номд шамдан сурч, гоц авъяас билгээрээ гайхуулж Равжамба
хэмээх цол хүртжээ. Тэрбээр 1638 онд Төвдөөс Ойрд нутагтаа заларсан
ажээ. Зая Бандидыг нутагтаа эгэхээс өмнө тавдугаар далай лам
Лувсанжамц уулзаж мутрынхаа эрихийг хайрлаж, “Чи миний төлөө монгол
хэлтэнд гарч, шашин хийгээд амьтанд ном үзүүлж туслан үйлд” хэмээжүхүй.
Ингээд Зая Бандид 1639 оны намар нутагтаа ирж Тарвагатайн Харавгайд
Очир тайжийнд ирж өвөлжжээ.
Зая Бандид 1640 оны орчмоос ном орчуулах үйлээ эхэлсэн гэж үздэг.
Түүний намтарт “барс жилээс хойд барс жил хүртэл орчуулав” хэмээн 177
номын нэрийг дурдсан буй. Энэ хугацааг судлаачид 1650-1662 он гэж үзэх
боловч орчуулсан номын жагсаалтанд үүнээс өмнө орчуулсан бүтээл ч хэд
хэд байгаа тул бас эргэлзээ төрүүлж байна. Магадгүй “барс жилээс хойд
барс жил хүртэл” гэдэг нь 1638-1662 он буюу 24 жилийн хугацааг заасан
хэрэг байж болох юм. Зая Бандид 1648 оны өвөл монгол бичгийг засварлан
тодорхой болгосон тод бичгээ зохиожээ. Зая Бандид “Үсгийн найрлага”
хэмээх цагаан толгойнхоо төгсгөлийн үгэнд тод бичиг зохиох болсон
зорилгоо “Омог монгол улсын хувьтанд хялбар болгохын тулд” гэж
тодорхойлжээ. Үүнээс үзвэл тод бичгийг зөвхөн дөрвөн Ойрдод зориулсан
бус болох нь тодорхой юм. Зая Бандид 1662 оны намар Ойрд нутгаас
Төвдөд очих замын зуур 63 сүүдэртэй байхдаа өвдөж таалал төгсчээ. Зая
Бандид Намхайжамц бол одоо хүртэл хэрэглэсээр байгаа тод бичгийг
зохиож, эртний дорно дахины олон ухааны судар шаштирыг эх хэлнээ
орчуулж, шашин төрийн үйл хэрэг, монгол туургатны эв нэгдлийн төлөө хүч
билгээ зориулж явсан соён гэгээрүүлэгч эрдэмтэн хүн билээ /Ш.Чоймаа, Тод
бичиг, http://www.tanhim.net/.
Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь монгол
бичгээ тодорхой нарийн болгосныг өгүүлж
буй хэрэг юм. Монгол бичгийн чухам юуг
тодорхой болгосныг өгүүлэхийн урьд монгол бичгийн зарим онцлогийг тодруулах
хэрэгтэй юм. Орчин цагийн монгол хэл халх аялгуунд биеэ даасан авиалбар буюу
үгийн утга ялгадаг авианы заримыг монгол бичигт нэгэн дүрсээр тэмдэглэсэн
байдаг. Үүний гол шалтгаан бол эртний монгол хэлэнд тухайн авианы зарим нь
үүсэн бий болоогүй буюу биеэ даасан авиалбар болж чадаагүй байсантай
холбоотой билээ. Монгол бичиг маань монгол хэлний олон аялгуунд сэлгэн
хэлэгддэг авиаг нэг дүрсээр тэмдэглэснийг бид мэднэ. Үүний учир шалтгааныг
нэрт монголч эрдэмтэн Г.Д.Санжеев ийнхүү өгүүлжээ:
“Ямар учраас дундад зууны үеийн монгол хэл бичгийн хүмүүс уйгур үсгийг
авахдаа хожим манж нар үсгээ зохиохдоо дусал бинт нэмэх зэргээр маш
нарийн болгосны нэгэн адил авиалбар бүрийг нарийн ялгахын тулд ямар
нэгэн нэмэлт тэмдэг хийж оновчтой хэрэглэж чадсангүй вэ гэж асууж болно.
Түүний бүх баримт зүйлийг анхааралтай судалж үзвэл хэл шинжлэлийн
ноцтой үндэс байсан юм гэж дүгнэж болох байна. Түүнд XIII зууны эцсээр
Хубилай хааны үед монголчууд энэхүү боловсон бус үсгийг төвд цагаан
толгой дээр үндэслэсэн бүр нарийн үсгээр солихыг оролдсон юм. Хэдий
тийм боловч энэхүү оролдлого нь амжилт олсонгүй. Мөн үүнчлэн XVII зууны
дундуур зохиосон, авианы талаар маш нарийн Зая Бандидын “тод үсэг” нь
ойрдын зарим аймгийн дунд өргөн дэлгэрч чадсангүй. Хэлний нутгийн
аялгуу нь үлэмж олон салбар бөгөөд тэдгээр аялгууны хоорондын ялгавар
нь нэгэнтээ жигдрэн нийлээгүй байх үед үлэмж нарийн цагаан толгойтой
үсэг нь зайлшгүй аль нэг нутгийн аялгуун дээр үндэслэх хэрэгтэй болдог
байна. Тэгвэл тийм бичиг үсэг нь бусад бүх аялгуугаар хэлцэгчдэд
ойлгомжгүй болдог байна. Чухам ийм учраас Хубилай хааны дөрвөлжин
үсэг, жич Ойрдын зарим аялгуудын дунд Зая Бандидын тод үсэг авиан зүйн
талаар боловсон бус цагаан толгойтой хуучин монгол үсэгтэй өрсөлдөж
хүчин мөхөстжээ. Хэлний олон салбар нутгийн аялгуу бүхий нөхцөл байдалд
нэг бол дундад зууны үеийн Монголд болсонтой адил авиан зүйн талаар
олон нутгийн аялгууны дундын чанартай бичиг зохиох хэрэгтэй, эсвэл
дундад зууны үеийн Францад болсон шиг нийт улсынхаа бичиг харилцааны
ашиг тусад тохируулалгүй салангад аялгуу бүрд бичиг үсэг буй болгох
замаар орох хэрэгтэй болдог ажээ. Хуучин монгол бичгийн хэлний онцлог
чухам энэхүү дурдсан зүйлээр тайлбарлагдах нь түүний цагаан толгойн
үсгийн бүрэлдхүүнээс илэрхий байна” гэжээ /Ш.Чоймаа. Тод бичиг.
http://www.tanhim.net/.
Эрдэмтэн Г.Д.Санжеев өгүүлсэнчлэн “үлэмж нарийн цагаан толгойтой бичиг
үсэг нь зайлшгүй аль нэг нутгийн аялгуун дээр үндэслэх хэрэгтэй” бөгөөд энэ учир
шалтгааны улмаас Зая Бандидын зохиосон тод үсэг ч баруун монголын аялгуунд
үндэслэсэн юм.
Тод үсгийг Зая Бандид анх зохиохдоо нийт монгол хэлтэнд зориулсан
боловч бүх монголчуудад дэлгэрч чадалгүй зөвхөн ойрдын бичиг болон хувирсан
явдал бол өмнө өгүүлсэнчлэн олон аялгуу дундын шинжтэй монгол бичгийг
тодорхой нэг аялгуунд ойртуулснаас шалтгаалжээ. Мөн тод бичиг нь монгол бичиг
шиг хурдан бичихэд төвөгтэй, нарийн зурлага олонтой байсан нь бас нөлөөлжээ.
Гэвч тод үсгийн ололттой зарим зүйлийг хожмын үсэг зохиогчид ашиглаж байжээ.
Тухайлбал 1905 онд Буриадын лам Агваандорж тод үсэгт тулгуурлан буриадын
шинэ үсгийг зохиосон бөгөөд олны дунд “Вагиндрагийн үсэг” хэмээн алдаршжээ.
Монголчууд олон үеийн турш хэд хэдэн бичиг үсэг зохион хэрэглэж,
түүгээрээ ном зохиолоо туурвин үлдээснийг бид мэднэ. Тод бичгээр туурвисан
бүтээл нь монгол бичгийн дараа орохуйц арвин сан хөмрөгтэй юм. Тод бичгийн
дурсгалын дийлэнх нь гар бичмэл байх бөгөөд одоо Монгол улсын нийтийн номын
сан болон хэл зохиолын хүрээлэнгийн номын хөмрөгт давхардсан тоогоор 2000
гаруй ном байгаа ажээ.
ОХУ, БНХАУ, Герман зэрэг бусад орны номын санд тод бичгийн дурсгалууд
арвин байгаа юм. Берлин хотын Гумбольдтын их сургуулийн Азийн судлалын
хүрээлэнтэй МУИС-ийн монгол хэл шинжлэлийн тэнхим хамтран ажилладаг
бөгөөд 1989 оны намар миний бие Берлинд очиж, улмаар Дрезден мужийн
Хернхүт хэмээх жижиг хотын сүмийн архивт хадгалагдаж байгаа тод бичгийн
дурсгалыг долоо хоног үзэж танилцах сайхан боломж олдсон билээ. Тэнд монгол
бичгийн Алтангэрэл, Үлгэрийн далай, Ушаандар хааны тууж, Увш хунтайжийн
тууж, Улаан сувд эрих сургаалын зохиол тэргүүтэй нэлээд арвин дурсгал
хадгалагдаж байна.
No comments:
Post a Comment