1/13/13

Хэвтээ дөрвөлжин бичиг

Өндөр гэгээн Занабазарын “Хэсэг бусаг зарлигийн хураангуй” хэмээх номын эцэст
нэгэн зүйл үсгийн цагаан толгой хавсаргасан байдаг бөгөөд энэ тухай анх
П.С.Паллас номдоо дурдаж, И.Клапрот, Банзарын Дорж, А.Бобровников, А.Уайли
нар номдоо “hor-yig” буюу “монгол үсэг” гэж нэрлэжээ. А.Позднеев номдоо энэ
бичгийн талаар тодорхой мэдээ баримт байхгүй, “оньсого” мэт гэж дурдсан байдаг.

1952 онд академич Б.Ринчен тэрхүү “оньсого” болсон үсгийн тухай олны сонорт
хүргэж соёмбо бичигтэй нэгэн дор Өндөр гэгээнтэн зохиосон гэж тодруулан
дурдсан байдаг /Ринчен.Б, 1964/. Энэ бичгээр үлдсэн дурсгал гэвэл харьцангуй
цөөн, хэдэн зүйл цагаан толгой, тарнийн үсэг хийгээд Ж.Цэвээн гуайн цуглуулгаас
профессор Д.Карагийн олсон тамгын дардас болон Гандан хийдийн гавжтан
Данзан-осор гуайн цуглуулга дахь сүмийн ханын чимэг бичээс тэргүүтэн зүйл, гол
төлөв Эрдэнэзуу хавиас олддог нь Өндөр гэгээнтэнтэй холбоотойг давхар батлаж
байгаа буй заа. Хэвтээ дөрвөлжин бичгээр бичих чиг, цагаан толгойн бүрэлдэхүүн
зэрэг нь соёмбо бичигтэй бараг адил, харин соёмбо бичгийг ланз үсгийн хэлбэрт
шүтсэн бол хэвтээ дөрвөлжнийг төвдийн дөрвөлжин буюу “тамга” үсгээс эх загвар
авсан гэж үзэх үндэстэй. Чухам ямар шалтгаанаар энэ бичгийг зохиох болсон нь
одоо хэр учир битүүлэг боловч мөн л номын гурван “гэгээн” хэлээр бичих бүрэн
боломжтой нь цагаан толгойнхи нь бүрэлдэхүүнээс харагддаг. Энэ бичгээр үлдсэн
дурсгал өнөөдрийн байдлаар хэдийгээр цөөн, хязгаартайхан байгаа боловч
хэлний байдлыг нь үзэхэд, соёмбо бичгийн нэгэн адил ХVII-ХVIII зууны халх
аялгууны онцлогийг зохих хэмжээгээр тусгасан байдаг.

No comments:

Post a Comment