Тод үсгийг зохиосноос 40-өөд жилийн дараа, 1686 онд Халхын анхдугаар богд,
Өндөр гэгээн Занабазар (1635-1723) энэтхэгийн ланз үсгийн хэлбэрт
тулгуурласан соёмбо (санскритээр svayan-bhu буюу “өөрөө буй болсон гэгээн”
гэсэн утгатай) хэмээх бичгээ зохиожээ.
Зохиосон гол шалтгаан гэвэл нэгд, манж нарын түрэмгийллийг сөргүүлэн Монгол
улсын тусгаар тогтнолын бэлгэдэл болгож, хоёрт шашин суртлын хүрээнд номын
гурван гол хэл буюу монгол, төвд, санскрит хэлээр нэгэн зэрэг бичиж болох
бичгийг буй болгоод түрүүн орчуулсан ном судрын алдаа, тарнийн үсгийн алдаа,
мадаг тэргүүтнийг шүүтгэн засч, тэрхүү бичгээрээ дахиж хэвлэх зорилготой байсан
гэдэг тайлбар байдаг.
Соёмбо бичиг нь монгол, төвд, санскрит хэлний аялгууг зэрэг тэмдэглэх зорилготой тул 90 шахам үсэгтэй. Голдуу зүүнээс баруун тийш бичдэг боловч бас босоо бичсэн зүйл ч байдаг. Үсэг холбож үг болгохдоо санскрит-төвд бичгийн байдлаар үгийг үе үеэр нь багц болгож бичнэ.Энэ бичиг нь нэлээд гоёмсог хэлбэртэй тул дармал маягаар бичихэд ихээхэн ур дүй шаардана.
Соёмбо бичгийн эхлэх тэмдэг Э-бам (эгчим буюу бярга) нь монголчуудын
хувьд тусгаар тогтнолын бэлгэдэл болж туг сүлдэн дээр заларсаар хэдэн зууны
нүүрийг үзсэн бөлгөө. Ямартаа ч соёмбо бичгийн эхний бярга тэмдэг нь манжийн
тvрэмгийлэлийн эсрэг тэмцсэн Лигдэн хааны үеэс өнөөг хүртэл Монгол улсын туг
далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болгон тасралтгvй уламжилсаар
өнөөдрийг хvрсэн алтан соёмбо юм. Өвөрмонгол Манжид эзлэгдэж харийн
түрэмгийллийн аюул нөмрөн ирсэн үед халхын том ноёд хүн ардын оюун санааны
нэгдлийг хангахын тулд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халх
монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөв. Тэрбээр түүхэнд анхдугаар Богд
Жибзандамба хутагт буюу Өндөр гэгээн хэмээн алдаршсан билээ.
“Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жибзандамба хутагт
Лувсандамбийжалцан (1635-1723) буюу “Өндөр гэгээн” хэмээн алдаршсан
Монголын бурхны шашны нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Занабазар Очир
Түшээт хан хэмээх шашин, төр хоёрыг ихэд тэтгэсэн Гомбодоржийн
өргөөнөө Модон гахай жил (1635 он)-ийн 9 дүгээр сарын 25-yы өглөө
өдгөөгийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын нутаг “Усан зүйл” хэмээх газар
мэндэлжээ. Занабазарыг 5 настайд Монголын шашны тэргүүний ширээнд
залж, Лувсандамбийжалцан алдар өргөмжилжээ. Занабазар шашин номын
ёсыг дэлгэрүүлэх үйлсэд ихэд хичээн зүтгэж, бүр хүүхэд ахуй цагаас эрдэм
номын мөр хөөж, олон зүйл үсэг бичгийн язгуур санскрит, төвд хэлэнд
нэвтэрхий болсон байна. 15 настайдаа Баруун зуу (Лхас)-т морилон Далай
ламд шавь орж суралцсан ба Y Далай лам түүнийг Жамьян цоржийн
хувилгаан хэмээж Жибзандамба хутагтаар өргөмжлөн шар торгон шүхэр,
тамгаар шагнажээ. Тэрээр 13 настайдаа “Баруун хүрээ” буюу Шанхын хүрээг
байгуулж, мөргөлийн төв болгосон бөгөөд 20 настайдаа 7 аймаг бүхий Их
хүрээ, өөрийн нутгийн ойролцоо Хангай ханы Төвхөн нэртэй газар
бүтээлийн сүм, 75 настайдаа Хэрлэний зүүн хүрээг байгуулж, Их хүрээний
цогчин дуганы зураг төслийг зохиосон байна. Жибзандамба нийгэм улс
төрийн хэрэгт идэвхитэй оролцон, төр түмэндээ эв эеийг тунхаглаж байсан
улс төрийн холч мэргэн бодлоготон, эх оронч бөгөөд Монгол оронд бурхан
шашны ёс дэг, зан үйл, хурал номын уншлага, ая дан, горим журмыг тогтоон
дэлгэрүүлэх үйл хэрэгт үлэмж гавьяа байгуулсан их авьяас билигтэн, соён
гэгээрүүлэгч, уран барималч, номын мэргэн багш байжээ /Чулуунбаатар.Л,
2002, 170 дахь тал/.
Соёмбо үсгийг хэвтээ, босоо хоёр янзаар бичдэг байсан бөгөөд бичих горим
хоорондоо харилцан адилгүй байдаг. Соёмбо бичиг зохиогчийн бодож байсанчлан
нийт улс орон даяар түгэн дэлгэрч чадсангүй зөвхөн сүм хийдийн хаяг, шашны
зарим нэг ном, зохиолыг бичхээс хэтрээгүй ажээ.
Энэ бичгээр бичсэн зүйлийн ихэнх нь халх аялгууны онцлогийг хадгалсан байдаг байна. Энэ нь тухайн үеийн хэл ярианы авиа зүйн судалгаа хийхэд үнэт хэрэглэгдэхүүн болдог. Соёмбо үсэг нь тухайн үедээ утга зохиолын хэлний авиалбарын тогтолцоог дорно дахины хэл шинжлэлийн
сонгодог уламжлал, Энэтхэгийн хэл шинжлэлийн арга билгийн зарчим, авиа үсгийн дайсагнах садагнах ёс, таван махбодын онолд тулгуурлан мөнхдөх тасархайдахын хоёр хэтийдэлд уналгүй,
хамгийн зөв ухаарч, хэдэн зууны дараах хэл шинжлэлийн төвшинд хүртэл хүргэж
шийдсэн шинжлэх ухааны үнэ цэнэ байлаа /Чулуунбаатар.Л, 2002, 170 дахь тал/.
Соёмбо үсгийн цагаан толгой Энэ бол тухайн үедээ дөрвөлжин үсэг, али үсэг тод үсгийн дөхөм ололт бүхнийг багтааж, өмнөх олон зууны турш хийгдсэн Монгол үсгийг засан
сайжруулах ажлын сүүлчийн оролдлогуудын нэг байв.
No comments:
Post a Comment